Бидний мэдэх уламжлалт бизнесийн сэтгэлгээнд бизнесийн байгууллага, санхүүгийн байгууллагууд нь тус тусдаа үйл ажиллагаа эрхэлдэг гэж ойлгодог. Энд боловсрол сургалтын, мөн судалгааны байгууллагууд хамт тухай ойлголт огт байдаггүй. Дэлхийн олон оронд эдгээр тус тусдаа байгууллага, тогтолцоонуудыг нэгтгэх нь үр дүнтэй гэдгийг ойлгосноор орон нутгийн, үндэсний, компаний баялгийг венчур хөрөнгө оруулалт болгон эргэлдүүлж, шинэ төсөл, компаниудыг санхүүжүүлэх механизмыг бий болгож эхэлсэн.

   Дээр дурдсанчлан бизнес, санхүүгийн байгууллагууд тус тусдаа үйл ажиллагаагаа явуулах хандлагатай байсан бол өдгөө эсрэгээр, технологийн ололтод суурилсан компаниудын санхүүжилтийн асуудал дээр нэгдэн нийлэх болжээ.

     Венчур хөрөнгө оруулалтын компанийг санаачилснаар академик судалгааны үр дүн нь шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх шинэ компанид шилжих өргөн бололцоо нээгдсэнийг дурдах хэрэгтэй.

     Манай төв нь дэргэдээ олон бизнесийн компани байгуулсан явдал нь ирээдүйн гарааны компаниудын суурь бааз болж, гадаад, дотоодын боловсролын байгууллагуудтай холбохыг эрмэлзэж байна. Энэхүү тогтолцоог бүрэн ойлгож чадсан хувь хүнийг гарааны компаний удирдлагад байх боломжийг олгохыг хичээж байна.

   Хөдөөгийн иргэдийн чанартай амьдрах, бүтээмжтэй ажиллах чадамжийг нэмэгдүүлэхийн тулд ажлын байр олноор бий болгож, тэдгээрт хоршин ажиллах жижиг нэгж, хоршоо, компаниудыг төрүүлэн гаргах ажил нь шинэ санааг дэмжих санхүүгийн арга хэмжээнээс бүрэн хамаарч байгаа.

     Коллежийн дэргэд "Будлан Хэнтий" нэртэй венчур хөрөнгө оруулалтын санг байгуулах ажил эхэлсэн байгаа. Анхдагч санхүүгийн нөөцийг бий болгохын тулд компаниудын хувьцааг зарах, бусад бизнесийнхээ орлогоос татан төвлөрүүлэх, гадаадын бага хүүтэй зээл, грант олох зэргээр ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн бизнес эрхлэгчдийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх, энтрепренёруудын шинэ санаанд мэргэжлийн зөвөлгөө өгөх, компани байгуулахад зохион байгуулалтын хувь туслах мэргэжилтнүүд бүхий зөвлөхүүдийн баг бүрдүүлэх, ахмад мэргэжилтнүүдийг татан оролцуулах зэргийг бүхэлд хамран ажиллахыг зорьж байна.

     Энэ сан нь банкны нэг төрөл биш, энэ нь шинэ компанийг бий болгогч байх юм. Шинэ технологид үндэслэсэн найдвартай ажиллах компани байгуулахын тулд тухайн бизнес эрхлэгчийн салбарын талаарх мэдлэг, туршлага, хүсэл сонирхол, мөрөөдлийн хэр хэмжээ, төсөл нь шаардлага хангахуйц орлогын хэмжээ, өрсөлдөөний нөхцөлд оюуны өмчөөр хамгаалагдаж чадах зэргийг харгалзаж ажиллах юм.

     Бид цаашид хэрхэн оршин тогтнох вэ? гэвэл бидний бий болгож бойжуулсан компани санхүүгийн хувьд хөл дээрээ тогтсоны дараа бид оруулсан хөрөнгөнийхөө нэг хэсгийг буцаан авна. Бизнесийн ашиг хүртэнэ. Мөн өмнөх үйл ажиллагааны туршид хуримтлуулсан мэдлэг, туршлага, нэр хүнд нь дараа дараачийн гарааны компаниудад эргүүлэн хөрөнгө оруулахад хангалттай хүрэлцэж байх болно.