Боловсрол, Шинжлэх ухааны яамны статистик мэдээллээр Монгол улсад 50 гаруй мянган багш 2500 гаруй СӨБ, ЕБС, МБС-ын байгууллагад ажилладаг. Тэдний 17 орчим хувь нь магистр доктор зэрэгтэй байна. (2021-2022)

Багшийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийн 80 орчим хувь нь багшийнхаа ажлыг үргэлжлүүлэн хийдэг гэсэн тоон судалгаа байдаг. Энэ нь насан туршдаа буюу тэтгэвэрт гартлаа багшийн ажлыг хийнэ гэсэн үг. Харин 6 хувь нь эксперт буюу зөвлөхөөр ажилладаг. 10 хувь нь судлаачийн ажил хийдэг. Үлдсэн 4 хувь нь менежерийн буюу удирдах ажил эрхэлдэг тоон судалгаа байна. Мөн багш мэргэжилтэй хүмүүсийн 15 орчим хувь нь магистр докторын зэрэгтэй байдаг гэсэн Бидний хийсэн судалгааны үр дүн маань дээрхтэй нийцэж байгаа юм. Багшийн карьер нь БАГШ, ЗӨВЛӨХ, СУДЛААЧ, МЕНЕЖЕР гэсэн 4 замналуудаар өргөжин хөгжих боломжтой гэж бид загварчилж байгаа.

Майндсет Институт нь дээрх чиглэлүүдээр багшийн карьерыг бүтээн босгоход судалгаа хөгжүүлэлтийн болон академик судалгааны ажлуудаа чиглүүлж, судалгааны үр дүндээ тулгуурлан шинэлэг арга замуудыг тодорхойлон туршин хөгжүүлэх хэлбэрээр БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛД хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

Боловсрол судлалын Магистр, Доктор зэрэгтэй судлаачдыг бэлтгэх хөтөлбөрийг Монгол улсын анхны судалгааны Их сургууль Эрдмийн Их сургуультай нягт хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.

Бидний эрхэм зорилго: Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Учир нь, багшийн карьер нь өсөж дэвших, үүнийгээ дагаад амьдралын баталгааг хангах, цаашид гүйцэтгэх ажил үүргүүдийн цар хүрээ ялгагдаж зааглагдах, насан туршдаа үр дүнтэй карьер хийх арга замуудыг тодорхойлохыг хүсэж байна. Багш нь аль ч замналаар явсан хамгийн дээд түвшинд хүртэл хөгжих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Багшийн карьерын Замнал бүрийн дээд түвшинд хүрэх замыг бид зураглан хөгжүүлнэ.

Багшийн карьерыг бүтээн босгох нь

Багш бэлтгэх сургалт – Боловсролын их сургуулийн багш бэлтгэх хөтөлбөрийг “шинэ” чиг хандлагад нийцүүлэх, нэр хүндийг нь дээшлүүлэх, авьяастнуудыг татах, зорилтот тэтгэлэг олгох асуудалд хувь нэмрээ оруулна. Боловсролын хөтөлбөрүүд нь стандартад суурилсан сургалтыг зохион байгуулдаг гэтэл бодит амьдрал дээр тухайн үзсэн онол, үзэл баримтлал нь практикт хэрэглэхэд зөрүүтэй байдаг. Сургуулиа төгсөхөд ажилд бэлтгэгдсэн байх үзэл санаан дээр голлон анхаарал хандуулна.

Залуу багш нарын сургалт – 1-5 жил ажиллаж байгаа багш нарт зохих анхаарал тавих, ажилдаа дасах “онол-практик”-ийн зөрүүг арилгахад нь туслах ажил- ар гэрээ зохицуулахад нь дэмжлэг үзүүлэх асуудалд боловсролын байгууллагын удирдлагууд, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулна. Залуу багш ирээдүйгээ төлөвлөх, карьерын хөгжлийн хөтөлбөрөө гарган түүнийхээ дагуу замнан хөгжихөд нь бүх талын дэмжлэг үзүүлнэ.

Багшлах урлагийн сургалт – Багшлахуйн эрдэмд үргэлжлүүлэн мэргэшүүлэх, шинэ мэдлэг технологид дасан зохицох үр дүнтэй ашиглахад сургах, ажлын байрандаа карьер өсгөх боломж олгоход чиглэсэн сургалтуудыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулан шаардлагатай технологиудыг багш нарт эзэмшүүлнэ. Багш болон боловсролын бүх шатны мэргэжилтэнд заах арга, багшлахуй суралцахуйд тулгуурласан олон төрлийн технологийг хэрхэн нэвтрүүлэх аргачлал, удирдамжийн шинжтэй баримт бичгүүдийг цаашид олноор боловсруулан хэрэглээнд нэвтрүүлнэ.

© 2023 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК