ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ТУРШИЛТЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ

МЭДЭЭЛЭЛ

Төсөл хэрэгжүүлэгч: Лаунчпад Монголиа Коллеж

Үйл ажиллагааны чиглэл: Техник, мэргэжлийн боловсрол, сургалт

Төслийн зорилго

  1. Монгол улсад гидропоник технологийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломжийг судлах, гидропоник технологийг уламжлалт технологитой харьцуулан үр ашгийг судлах
  2. Хүлэмжийн аж ахуйн фермер мэргэжлийн сургалтыг эхлүүлэх
  3. Хүлэмжийн аж ахуй төсөл боловсруулах, шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох

Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд

  1. Сургалтын хөтөлбөрийг орчуулж, батлуулах;
  2. Багш нарыг сургах, мэргэжлийг дээшлүүлэх;
  3. 8х14м тасалгааг хүлэмжийн аж ахуйд зориулан бэлтгэх;
  4. Цэвэр усны санд холбох;
  5. 6 цэгт зориулалтын гэрэлтүүлэлт суурилуулах, цахилгаанд холбох;
  6. Шаардагдах бордоо, тоног төхөөрөмж, хэрэгслийг худалдаж авах (Хятад, Сингапур);
  7. Гидропоник системийг угсрах (Нэг системд 90 толгой ургамал тарихаар тооцсон);
  8. Үр суулгацыг бэлтгэх (Ногоон сонгино, бууцай, хятад байцаа, малын тэжээл, чинжүү);
  9. Суулгацыг системд суурилуулах, ургуулах;
  10. Үр дүнг тооцох, хүлэмжийн аж ахуй төслийг бэлтгэх;

Төслийн үр дүн

  1. Үр соёолох хугацаа нь 7-14 хоног байв. Суулгацын өндөр 5 см орчим. Уламжлалт аргаас 2 дахин хурдан байв.
  2. Суулгацыг системд суулгаснаас хойш 36 хоногийн дотор бүх ургамал бүрэн ургасан нь уламжлалт аргаас 1.5 дахин бага хугацаанд ургаж байсан. Нэг жилд 8-10 удаа тариалалт хийх боломжтойг тогтоосон.
  3. Нэг толгойд дунджаар 5-7 ургамал ургасан нь уламжлалт аргаас 1.5 дахин олон байна.
  4. Хөрс 100 хувь ашиглаагүй. Тиймээс шавьжид идүүлэх, зэрлэг ургамал ургах асуудал огт гараагүй. Иймд нэмэлт арчилгаа шаардаагүй.
  5. Нэг системийг 3 давхар загварчилж, тариалсан тул тариалалтын нийт талбайг 3 дахин нэмэгдүүлсэн. Цахилгааны эрчим хүч ашиглалтыг 3 дахин бууруулсан. Өөрөөр хэлбэл, 3 хүлэмжийг нэг дор байрлуулж, нэг систем болгож загварчилж чадсан.
  6. Нэг системд 80 литр усны нэг сав хэрэглэсэн. Нийт 320 литр ус хэрэглэсэн нь уламжлалт аргаас 12 дахин бага ус хэрэглэсэн.
  7. Услах, арчлах, хураах үйл ажиллагааг ганцхан хүн хийж байсан нь хөдөлмөрийн цагийг дээд зэргээр хэмнэсэн. Уламжлалт аргаар 0.5 га газарт 3-4 хүн ажиллах шаардлагатай болдог.
  8. Туршилтын төслийг хэрэгжүүлэхэд 42 сая төгрөгийн зардал гаргасан. Нэг удаагийн ургацаар 360 толгой ургамал хураан авсан. Нэг толгой бүрийн үнэ нь 2500-4200 төгрөг байсан. Үр ашгийг тооцож үзэхэд нэг толгой тутмаас дунджаар 600 төгрөгийн цэвэр ашиг гарах тооцоо гарсан болно.
  9. Туршилтын үр дүнд үндэслэн тооцож үзэхэд тариалах талбайг 50 дахин бууруулдаг болох нь батлагдсан. Өөрөөр хэлбэл, 1 га талбайн хөрсийг дөнгөж 10х20м хэмжээтэй хүлэмжийн тариалалтаар хамгаалж болох юм.
  10. Дүгнэж үзвэл, нэгж талбай өгөөжийг 100 дахин нэмэгдүүлж байна. (талбайг 50 дахин, нэг толгой дахь ургамлын хэмжээ 2 дахин олон гэж тооцоход). Хог хаягдал гараагүй, машин техник хэрэглээгүй, 3 дахин бага цахилгаан эрчим хүч хэрэглэсэн зэрэг нь агаарт ялгарах хүлэмжийн хийг төдий хэмжээгээр бууруулсан.