Манай Монгол, Сингапур, Хятад, Их Британи улсын хөрөнгө оруулагчдын түншлэл 2015 оны 1 дүгээр 12 ны өдөр Улаанбаатар хотод Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяртай уулзаж, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэл, хот байгуулалтын төслүүдэд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурснаар “Шинэ Батсүмбэр” төслийн эхлэл тавигдсан.

Санамж бичигт орсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох үүднээс 2015 оны 4 дүгээр сард сумын Засаг даргын урилгаар Сингапур улсын хөрөнгө оруулагчид айлчилж, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тогтоох уулзалтыг сумын төр, захиргааны байгууллагын удирдлагууд, сумын иргэдтэй хийж, тэргүүлэх чиглэлүүдийг тогтсон.

Үүний мөрөөр Сингапур Улсад 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр, Сингапур улсын хөрөнгө оруулагчдын BTIO түншлэл  хооронд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар Шинэ Батсүмбэр төсөл хэрэгжиж эхэлсэн.

Хөрөнгө оруулагчдын уулзалт

Өнгөрсөн хугацаанд Батсүмбэр суманд “мэргэжлийн боловсрол, сургалт”, “хөдөө аж ахуй”, “аялал жуулчлал”-ын чиглэлүүдээр 600 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ойрын хугацаанд 800 сая төгрөгийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төслийг дараах байдлаар өргөтгөхөөр холбогдох саналыг боловсруулан Төв аймгийн Засаг дарга, ИТХ-д танилцуулаад байна.

  1. Сүмбэр, Жаргалант, Баянцогт, Баянхангай, Аргалант, Лүн, Заамар, Өндөрширээт, Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл, Баянцагаан сумдад махны үйлдвэр байгуулах. (мал эрүүлжүүлэх-бордох-нядлах-ангилах-агуулах-хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрүүд багтана.)
  2. Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Мөнгөнморьт, Баян, Баянчандмань, Сүмбэр сумдад сүү боловсруулах үйлдвэр байгуулах.
  3. Батсүмбэр суманд Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээг хангах, экспортод гаргах мах, сүүний эцсийн бүтээгдэхүүний технологийн үйлдвэрийг барих.
  4. Өргөн хэрэглээний барааны бөөний худалдааны төвийг Батсүмбэр, Баян, Эрдэнэсант сумдад байгуулах.
  5. Шинээр бий болсон үйлдвэр, аж ахуйн газарт ажиллагчдыг хямд орон сууцны хөтөлбөрт хамруулах зорилгоор сум бүрт 30-150 айлын орон сууц барих.

Төв аймгийн тээврийн сүлжээг хөгжүүлэх төсөөлөл