Сингапурын

Сингапурын "эцэг"-ийг шүтэхүй...

Маш олоон хүн надаас "яагаад Ли Куан Ю (1923-2015)-г ингэтлээ шүтдэг вэ?" гэж асуудаг. Хариулт нь маш энгийн, байнга бэлэн явдгийн.

Тэр нь бол: "Хүн бүрт боломж ижил олддог, харин боломжоо олж харж, бүрэн ашигладаг нь цөөхөн" гэдгийг л харуулсан хүн.

Үнэндээ шинээр улс бий болгоод, зүгээр ч нэг улс биш, түмний манлайд хүрсэн улс бий болгоно гэдэг гайхамшигтай явдал юм. Би энэ удаа Сингапур Улсын хөгжлийн талаар юм бичих гэсэнгүй, харин энэ агуу удирдагчийг эргэн дурсаж, түүний бүтээлүүдээс уншиж, судалж байхдаа тэмдэглэж авсан зарим нэг санааг та бүхэнд хүргэх зорилгыг агууллаа. Мөн энд бичсэн бүхэн миний хувьд ажил үйлсдээ ягштал мөрдөхийг эрмэлздэг дүрэм болон хэвшжээ. Манай улс өнөөдөр буурай байгаа ч хөгжих цагийг наашлуулахад хүн бүр оролцоотой байхыг үнэн сэтгэлээсээ эрмэлзэх л чухал болоод байна. Миний дов ногоон бол бусдынх шатах хамаагүй гэж боддог сэтгэхүйгээ халж чадвал, айлын довыг шатахаас хамгаалж, өөрийгөө ч аюулаас холдуулах боломжтой болох юм.

Ли Куан Ю ингэж сургаж байжээ.

  • Байгалийн баялаггүй сул талаа хүн амынхаа оюуны чадамж, дэг журам, бүтээлч үйл ажиллагаагаар нөхнө гэж тооцсон.
  • "Бусдаас чанартай, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнд үзүүлдэг үйлчилгээг хамгийн түргэн шуурхай, хөнгөн хялбар гүйцэтгэх" нь Сингапурын гол баримталдаг зарчим нь болсон.
  • Бид нэг багаар, хоёргүй сэтгэлээр улсдаа ч, үзэл санаандаа ч үнэнч зүтгэснээр ийм амжилтад хүрсэн.
  • Боловсролтой, хорвоо ертөнц дээр болж буй үйл явдлын талаар ухаалаг үнэлэлт, дүгнэлт өгч чаддаг, ажилсаг, тэвчээртэй олон түмэн амжилтад хүрдэг.
  • Хэн нэгэн биднийг тэжээх албагүй. Бид ч гуйлгаар амьжиргаагаа залгах учиргүй. Сул дорой улс орон, ард түмэн амар хөнгөн амьдруулна гэж амласан хэн нэгний араас дагадаг. Амьдрал дээр тийм зам үнэндээ байдаггүй.
  • Хөгжилтэй орнуудын шаардлагын хэмжээнд ажил үйлчилгээ явуулахын тулд юуны өмнө хүмүүсээ сургана гэсэн үг. Зохион байгуулалт, үр дүн-бүтээмж, эрч хүчтэй хөдөлмөрлөх.
  • Хүн бүрийн чадвар өөр өөр болохоор гарах үр дүн харилцан адилгүй, тэр бүрт ногдох шагнал урамшуулал нь зах зээлийн зарчмаар зохицуулагдах учиртай болохыг ойлгосон.
  • Өнөөдрийн хүмүүсийн нийгмийн халамжийн ачааг хойч үеийнхний нуруун дээр ачих ёсгүй.
  • Санхүүгийн тогтвортой байдал, зохистой төсөв, бага татвар нийлээд хөрөнгө оруулалтыг уриалан дуудаж, өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл нэвтрүүлэх таатай орчныг бүрдүүлнэ.
  • Авьяас билэг төгөлдөр хүмүүс гэдэг бол улс орны хамгийн үнэт баялаг.
  • Хувь хүний оюун ухаан, бие сэтгэхүйн 80% нь байгалиас заяадаг, 20% нь гэр бүлийн хүмүүжлийн үр дүнд бүрэлдэж буй болдог.
  • Амжилттай хэрэгжсэн төсөл болгоны ард тухай салбарын чиглэлээр боловсрол эзэмшсэн, төслийн санаа оноог гүн гүнзгий ойлгож, амьдралд хэрэгжүүлэхийн төлөө бүхнээ дайчилсан олон хүмүүс байсан.
  • Холын зайн гүйлтийн тэмцээнд гүйж байгаа нэгэн ядарч туйлдаад унах гэж байгаа хэрнээ ганхаж, гуйвсаар барианд орж байгааг хараад, тухайн үед үзүүлж чадах дээд амжилтдаа хүрэх их хүсэл л энэ хүнийг урагш түлхэж байгааг ойлгосон.

Энэ бол миний тэмдэглэж авсан 700 гаруй ишлэлийн өчүүхэн бага хэсэг нь. Гэхдээ бидний өмнө тулгараад байгаа олон олон бэрхшээл, саадад хариулт, шийд нь болох мэт санагдсаар байна. Тэрс үзэл, шашны мөргөлдөөн, хөршүүдийн дарамт шахалт, өлсгөлөн ядуурал дор "БАР УЛС" өндийн бойжсон түүхийг уншиж судлаарай.