“АЖИЛСАГ МОНГОЛ ХҮН – ХӨГЖЛИЙН ГАРЦ”

Манай улсын өсч өндийж байгаа, өөдлөн дэвжиж байгаа бүхнийг би хувьдаа бизнесийн байгууллагуудтай холбож үздэг. Тэд хэдий чинээ томорч, тэлж чадна төдий хэмжээгээр улс орны эдийн засаг, бизнес тэлдэг юм. Бизнесийн салбараа дэмжих талаар төрийн олон бодлогууд байдаг ч нэг л байгаа онохгүй, төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдсөн, хуучинсаг “соц” сэтгэлгээгээр хувийн өмчийн хэлбэр рүү хандаж ялгаварласан систем хэвээр. Төр ч гэлтгүй Монголчууд өөрөөсөө илүү яваа хэн нэгэнд үнэн голоосоо дургүй. Маажиж малтаад, муулаад яваад байх л хандлагатай. Тэд нар нь ямар их бэрхшээл, зовлон, хүндрэлийг даван туулж, цаг наргүй ажиллаж явж байж өдий зэрэгтэй явааг гадарлах ч үгүй. Нийтээрээ л ийм хандлагатай. Төр нь бодлогоо тогтоож, чиглүүлээд, тэдэндээ итгээд өгөхөд л хувийн хэвшил нь хэрхэн ажиллахаа өөрсдөө маш сайн шийдээд явчихна. Хэнээр ч заалгахгүй чадна. Учир нь тэд өөрсдийн хөрөнгө, хүч, хүсэл мөрөөдөл ер нь бүх юмаараа дэнчин тавьж ажилладаг учир халтуурддаггүй, цагаа дэмий зүйлд үрдэггүй, нөөцийг үрэн таран хийдэггүй.

Энэ бүхнийг энд дурдан Монгол улсын нэгэн “эрхэм” хүний ярилцлагаас түүвэрлэн тэмдэглэж авснаа энд орууллаа. Анзааргатай нэгэн нь нэгийг тунгаах бизээ. Өдрийн сонинд гарсан ярилцлага байсан. Хэн, хэзээ ярилцсаныг нь санадаггүй. Эх үүсвэр тавьсангүйд хүлцэл өчье.

Б.Нямтайшир (МАК группыг үндэслэгч)

  • Эн тэргүүнд улс орны эрх ашгийн асуудлыг бизнестэйгээ холбож авч үзэх ёстой гэсэн хатуу үзэл бодолтой. Хамгийн чухал нь энэ. Д.Содном гуайн “Аливаа асуудлыг компанийн хэмжээнд биш улс орны хэмжээнд өргөн цар хүрээнд бодож сэтгэх хэрэгтэй” гэсэн сургааль нь МАК-н бараг “уриа” гэж хэлэхэд болно.
  • Хоёр том гүрний дунд орших, хүн ам цөөтэй манайх шиг орны хувьд юуны өмнө дэлхийн дэвшилтэт техник, технологийг нутагшуулж, тухайн бүтээгдэхүүнээр дотоод хэрэгцээгээ хангаад зогсохгүй, Олон улсын зах зээлд өрсөлдөх чадавхийг бий болгох явдал үндэсний аюулгүй байдлын зангилаа асуудлын нэг байх учиртай.
  • Зөвхөн ашгийн төлөө улайрах нь бизнесийг алсын хараагүй, явуургүй болгоод зогсохгүй, улс орны аюулгүй байдалд ч өргөн утгаараа нөлөөлөх учиртайг ойлгох хэрэгтэй.
  • Би аливаа бизнесийг өөрийнхөө оюун ухаан, шударга хөдөлмөрөөр хийвэл амжилтад хүрдэг гэдгийг харуулахыг хичээж ирсэн. Бид бол баялаг бүтээгчид.
  • Улс орноо хэдэн том компаниуд нь л авч явдаг шүү дээ. Энэ их чухал асуудал. Нийгэмд ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Ойлгохгүй байнаа манайхан.
  • Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахгүйгээр, Монголын үндэсний компани гэх тодотголыг хадгалъя гэж шийдсэн.
  • Бид төслөө хэрэгжүүлэхдээ экспортын санхүүжилтэд хамрагдах, бүтээгдэхүүнээр эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт авах, урт хугацааны бага хүүтэй зорилтот зээл авах байдлаар бизнесийн хамтын ажиллагааны олон арга хэлбэрийг ашигладаг.
  • Хамт олны хөдөлмөрийн үнэ цэнээр босч байгаа юмыг гуйсан болгонд нь өгч, цацаад байвал цаашаа яаж хөгжих вэ.
  • Монголчууд гадныхнаас дутахгүй оюуны чадвартай, хөдөлмөрч гэдгээ харуулахыг манай хамт олон хичээдэг.
  • Сайхан бүтээн байгуулалтыг хараад хүн гэдэг амьтан чинь сэтгэл нь хөөрдөг юм билээ. Хийсэн бүтээсэн зүйлээ харж, баясал энерги авах явдал. Сайхан юм бүтээчихээд тэрийгээ харж тайвширна. Эндээс маш олон хүн амьдрал ахуйгаа авч явдаг гэж бодохоор сайхан шүү дээ.
  • Бидний өвөг дээдэс Чингис хаан, түүний үр хүүхдүүд монголчуудыг дэлхийд таниулсан. Бид өнөө үед хөгжлөөрөө дэлхийд танигдах учиртай.
  • Надад өөрийн гэсэн зарчим гэж байна. Бусадтай адилхан байх албагүй. Өөрийнхөө зөв гэж бодсон байр сууриндаа л үнэнч байна.
  • Би хүүхдүүдээ “хялбар аргаар мөнгө олох биш, хүн хөлсөө гаргаж, оюун ухаанаа дайчилж, хөдөлмөрлөж байж амжитад хүрэх ёстой” гэж хүмүүжүүлсэн.
  • Бид Монгол Улсынхаа баталгаат байдлыг хангах үүднээс өндөр үнэтэй евро стандарт руу явж байна.
  • Барилгын үндсэн түүхий эд бол цемент. Зарим улс цементийг үндэсний аюулгүй байдлынхаа түвшинд авч үздэг. Дотоодынхоо үндэсний үйлдвэрлэлээсээ өөрсдийнхөө хэрэглээг хангадаг, чанарт нь анхаардаг чухал салбар.