Ким Ү Жин: ХОРВОО ДЭЛХИЙ УУЖИМ, ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА

УНШСАН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ

 

…Түүх бол тэмүүлэн мөрөөдөгчдийн бүтээл мөн.

Сэтгэлийг минь зовоож байгаа бас нэг зүйл бол хувиа хичээх үзэл хэтэрхий газар авсан явдал юм. Аминч үзэл оволзон бургилаад ирэхлээр нийгэм эсэн шуугидаг. Хар амиа хоохойлох сэтгэл нийгмийг бузарлан, аль нэг улсын хомхой шунал дайн дэгдээхэд хүргэдэг.

Өнөөгийн сурган хүмүүлэх ухааны эрдэмтэд боловсролыг ямар нэг тогтоосон хүрээнд тохируулан “бий болгосон зүйл” юм уу, хувь хүний төрөлхийн авьяас билгийг тэтгэн “хөгжүүлэх” маягаар бус, гурав дахь аргаар өөрөөр хэлбэл, “уулзаж учруулах”-ыг чухалчилдаг.

Хүн ер нь өөрийг нь ойлгож үнэлсэн хүний урмыг хугалахыг хүсдэггүйг багш, эцэг эхчүүд санаж яваасай гэмээр байна.

Бид цагийг хайрладаг. Харин хөлс хүчээ хайрладаггүй.

Манай пүүсийн хамгийн оновчтой бөгөөд үр ашигтай зэвсэг нь залуучууд, цаг хоёр байсан юм.  Хийх юмаа олж ядан цаг нөхцөөх шиг муу юм үгүй.

Торонд хашигдсан шувуу нэг бодлын амар. Идэш хөсгөө эрэн бэдрэхгүй, даарна гэж зовохгүй, амь насанд аюул заналхийлдэггүй. Гэвч торонд хашигдаж амар байхын оронд торноос гадуурх аюулыг сөрсөн зориг, эрх чөлөө илүү жаргалтай. Торонд хашигдсан чигтээ амар жимэр байж байдаг шувуу энгүй цэнхэр огторгуйд бахаа ханатлаа дүүлэн нисэх хувьтай угийн тэр шувуунаас шал өөр.

Бэрхшээлээс үл шантран тууштай сөрөн зогсох явдал бол залуу хүний онцгой эрх агаад зайлшгүй гүйцэтгэвэл зохих үүрэг ч гэж хэлж болно.

Аливаа нэг соёл иргэншлийн буурах үед илэрдэг нийтлэг үзэгдэл гэж байх юм. Тэр нь бүтээн цогцлуулагч идэвх алдран ёс суртахуунаар шалдаа бууж, өнөө маргаашийн жаргал цэнгэл хөөхийг эрмэлзэх үзэлд автах явдал юм.

Нэгэн үеийнхэн хохирол амсахгүйгээр дараачийн үеийнхэн хөгжиж цэцэглэнэ гэж байдаггүй. Өвөг эцгийнхээ суулгасан модноос ач зээ нар нь жимс хурааж идэх нь хууль.

Залуучуудаа, хорвоо ертөнц уудам, хийх ажил мундахгүй их байна шүү. Гэвч нэг л замаараа сажилж, дадал зуршил болсон нэг л юмаа хийхчээн аядах гэсэн хүнд тийм биш байх.

Мэдлэг бол хүч гэдэг эртний үгийг үнэн үг гэж үздэг.

Зөвхөн сурах төдийгөөр ч хязгаарлахгүй, бид эзэмшсэн зүйлээ бусадтай хуваалцаж тэдэнд туслах ёстой.

Мэдээж хүн сайхан амьдрах хэрэгтэй. Гэвч хөрөнгө их хураах нь сайхан амьдрах гарцаагүй зам биш. Тэр нь чинээлэг амьдрах зам байж болох авч сайхан амьдрах зам биш.

Хэдийгээр цөөнх нь боловч тэд бүтээлч авьяасаа ашиглан бүтээлч биш олныгоо түүхэн хөгжилд өөрсөдтэйгээ хамт татан оруулдаг.

Хараад байхад өөрийнхийгөө төдийгүй өрөөл бусдын ажлыг ч сайн хийчихдэг хүн байхад бусдынх бүү хэл өөрийнхийгөө ч шаардахгүй бол хийдэггүй хүн байх юм. Өөрийгөө эзэн гэж үздэг үү, зарц гэж боддог уу гэдэгт үүний ялгаа байгаа юм. Эзний ухамсар суусан ажилтан өөрөө пүүсийн эзэн шиг дуртайяа ажилладаг…