Багш нарын баярт зориулан зохион байгуулсан СИНГАПУРЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО, ШИЛДЭГ ТУРШЛАГА цахим семинарыг амжилттай зохион байгууллаа. Семинарт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШ-ы сайд Л.Энх-Амгалан оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
ЭРХЭМ ХҮНДЭТ ЭРДЭМТЭН БАГШ НАР, БОЛОВСРОЛЫН АЖИЛТАН,
СИНГАПУР СУДЛААЧИД, ЗӨВЛӨХҮҮД, ЗОЧДОО!
Та бүхэнд Монгол улсад орчин цагийн боловсрол үүсэж хөгжсөний 100 жил, Дэлхийн багш нарын 27 дахь, Монголын багш нарын 55 дахь өдрийн мэндийг юуны өмнө хүргэе.
Өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулж, монголын багш нарт багш нарын баярын үнэ цэнэтэй бэлэг болгон оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа Ю Си Эдү группийн монгол, сингапур эрдэмтэн, судлаачид, энтрепренёруудад багш нарынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Мөн Ковид-19 вирүсийн цар тахлын улмаас боловсролын салбарт амаргүй сорилт тулгарсан ч түүнийг нөр их туршлага, хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, шавиа гэсэн багшийн сэтгэлээр даван туулж байгаа сургууль, багш нартаа баярлалаа гэж хэлье.
Семинар зохион байгуулагчдын надад хэлснээр 17 аймгийн 170-аад сургуулийн 500 орчим багш хамрагдаж байгааг хэллээ. Ковид бидэнд амаргүй сорилт тулгасан ч сайн зүйлийг хамтад нь өгсөн. Бид хэцүү хүнд зүйлээс ч суралцаж, чадавхжиж чадаж байна. Үүнийг энэ цахим семинар илтгэж байна. Бидний мэддэг уламжлалт хэлбэрээр 500 багшийн хурал, уулзалт, семинарыг зохион байгуулахад ямархан их хүний хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө санхүү шаардагддаг байж вэ. Гэтэл одоо та бид хаанаас ч, хэзээ ч, юугаар ч боловсрол эзэмшиж, эзэмшүүлж, хурал уулзалт, сургалт семинараа хийж чаддаг болсон байгааг энд харж байна. Боловсрол 4.0 хэдийнээ бидний гэрт орж иржээ.
Сингапур улс нь миний хувьд хамгийн танил дотно орнуудын нэг. Хүмүүс нь итгэлтэй, улс нь хөгжилтэй, нийгэм эдийн засгийн бүхий л талбарт тэргүүлэгч гүрэн. Сингапураас сурах зүйл маш их. Өөрийн газар нутаг дээрээ байгалийн цэвэр ус огт байдаггүй. Гэвч тэд шинэ мэдлэг, инноваци, өндөр мэргэжлийн ур чадвараа ашиглан улсынхаа цэвэр усны хэрэгцээг хэзээ ч айхааргүй хангаж чадах болсны зэрэгцээ дэлхийд цэвэр ус экспортолж байгаа энгийн нэг жишээ л ямар бүтээлч улс болохыг илтгэдэг. Далай дээр газар байгуулж, хотоо босгож чадаж байна. Ямар ч айх айдасгүй, аюулгүй, эрүүл орчин. Сингапур нь Смарт сити-н том жишээ гээд олон олон сайн туршлагыг дурьдаж болохоор байна.
Сингапурын боловсролын салбарынхантай өмнө хэдийнээ суурийг нь тавьсан дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар төлөвлөж байна.
1) Сингапурын Боловсролын Их сургуультай хамтран багш бэлтгэх, багш нарын тасралтгүй хөгжлийн хөтөлбөрүүдийг Монгол Улсад нутагшуулах зөвлөх үйлчилгээ авах, МУБИС-ийн удирдлага, багш нарыг Сингапурт сургаж бэлтгэх
2) Боловсролын яамны Захирлуудын академитай хамтран Боловсролын ажилтны чадавх бэхжүүлэх модуль сургалтуудыг зохион байгуулах, сайн туршлагыг өөриймсүүлэх
3) Сингапурын Боловсролын чанарын баталгаажилтын тогтолцооноос суралцах. Жишиг сургуулийн загварыг нэвтрүүлэх, боловсролын байгууллагын аттестатчилал, чанарын баталгаажилтын механизмаас суралцах
4) Сингапур PISA, TIMSS шалгалтад бэлтгэдэг зөвлөхүүдийг урьж, яаманд зочин мэргэжилтэн ажиллуулах
5) Цахим шилжилтийг эрчимжүүлэх, хос хэлний боловсролыг дэмжих зорилготой Монголиа Дижитал скүүл төслийг улам эрчимжүүлэн дэмжиж, түүний гол зорилт болох хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх
6) Сингапурын боловсролын сайн туршлагаас байнга суралцаж байх боломж олгох үүднээс сингапур мэргэжилтэн, зөвлөх, судлаачдын цуврал сургалтыг зохион байгуулах, ялангуяа хай-тек чиглэлийн сургалтад өндөр ач холбогдол өгөх
7) Тасралтгүй өөрчлөгдөж байгаа энэ цаг үеийг даган байнга өөрчлөгдөж чадаж байгаа сингапурын боловсролын агуулгыг сургалтад ашиглах боломжийг цахим шилжилтийн хүрээнд шийдвэрлэх зэрэг үүгээр зогсохгүй олон ажлыг хэрэгжүүлэхийн төлөө зорин ажиллана.
Боловсролын ерөнхий хууль маань удахгүй батлагдан гарна. Шинэ хандлага, шинэ чиг баримжаа, шинэ арга барилаар Боловсролын салбарт RESTART хийхэд сингапурын боловсролын шилдэг туршлага үнэт хувь оруулна гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь энд цугларсан хүн бүр өөр өөрийн байгаа газар бүрийн багш нарт миний мэндийг дамжуулаарай. 2012 оноос хойш өдийг хүртэл бидэнтэй хамт байсан сингапур залуустаа талархлаа дахин илэрхийлье. Монгол улсад эргэн тавтай морилохыг урьж байна. Удахгүй биечлэн уулзах сайхан цаг ирнэ гэдэгт итгэж байна. Монгол улсад оюуны хөрөнгө оруулалтаа харамгүй зориулаарай. Боловсрол, шинжлэх ухааны яам бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж байна.
Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг.
Семинарын үйл ажиллагаанд нь амжилт хүсэж, нээснийг мэдэгдье.
2021-10-05 өдөр
Видеог доорх линк дээр дарж үзээрэй.
© 2023 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК