Сингапур улсын шилдэг туршлага

Сингапур улс нь байнга өнөөдрийнх шиг өндөр хөгжсөн орон байгаагүй нь мэдээж. Энэ нь үүсмэл улс билээ. Саяхан 1965 онд Малайзын бүрэлдэхүүнээс хасагдаж, бие даан амьдрах болсон хатуу ширүүн нөхцөл байдалтай нүүр тулсан орон. Байгалийн ямар нэг баялаг байхгүй, цэвэр ус ч байхгүй, 720хон км.кв нутаг дэвсгэртэй, (Харьцуулвал, манай орны нэг дундаж сумын нутаг дэвсгэрээс 3 дахин бага) тэдний хувьд байдал үнэхээр амаргүй байсан тухайн үед эхний хийж хэрэгжүүлсэн анхны алхам нь өөрсдийн хүчинд найдаж, импортыг орлох чиг баримжаанаас экспортод чиглэсэн эдийн засгийг дэмжих бодлого баримталсанд оршино. Мөн Сингапурын төлөө сэтгэлтэй олон үндэстнийг нэгтгэн цуглуулах бодлогыг амжилттай хэрэгжүүлжээ. Тиймээс Сингапур нь үүссэн улс юм. Үйлдвэржилтийн бодлого нь амжилттай хэрэгжиж 1965-1984 оны хооронд эдийн засгийн өсөлт нь жил бүр 10 хувь орчим байсан нь үсрэнгүй хөгжилд хүргэжээ. Гэвч 1985 онд үйлдвэрлэлийн нөөцийн хомсдол, хөрөнгө оруулалтын үр шим буурч, үйлдвэрлэлийн салбарын зардал өссөн зэргээс Сингапурын эдийн засагт хямрал нүүрлэсэн бөгөөд энэ үед эдийн засгийн бодлогоо богино хугацаанд өөрчлөн санхүү хөрөнгө оруулалт, бизнес, аялал жуулчлал, мэдээлэл харилцаа, энтертайнмент зэрэг үйлчилгээний салбарыг дэмжин эдийн засгаа үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн 2 тулгууртайгаар хөгжүүлсэн түүхтэй.

© 2024 он. mindset.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency