Багш 4.0 хөгжлийн загвар
- Хувь хүний авьяас чадамж – Багшийн ажил нь академик мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвар шаардахаас гадна хүнтэй харилцах эв дүй, өсөх сэтгэлгээтэй байх, багаар ажиллах зэрэг зөөлөн ур чадварууд ихээр шаарддаг. Түүнчлэн эмпати, шийдвэр гаргах чадвар, зөвлөн туслах чадвар нь багш гэлтгүй хувь хүн бүрт байвал зохих чадваруудыг эзэмших хэрэгтэй болж байна.
- Багш 4.0 чадамж – Аж үйлдвэрийн 4.0 хувьсгалын үзэл санаа, технологи, мэдлэг дэлхий даяар түгэн тархахтай зэрэгцэн салбар бүрд 4.0 хөгжлийн хувилбараа загварчилж байна. Үүнтэй ижлээр боловсролын салбарын ажилтан бүр (багш бүр)дижитал хувьсгалын мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмших хэрэгцээ, шаардлага тулгараад байна. Багш 4.0 чадамж нь “дижитал хэл, сэтгэлгээ” зөөлөн ур чадвар, мэдээлэл харилцаа холбооны техник, технологийг ажилдаа ашиглах гэсэн хатуу ур чадвараас бүрдэж байна.
- Багш мэргэжлийн чадамж – Багшийн ажил үүргээ гүйцэтгэхийн тулд эзэмшсэн байвал зохих боловсрол судлал, агуулга ба арга зүй, багшлахуй ба суралцахуй, үнэлгээ, сургалтын орчин ба хэрэглэгдэхүүнтэй холбоотой багш мэргэжлүүдэд нийтлэг хамаарах чадамжуудыг энд авч үзнэ.
- Заадаг хичээлийн чадамж – Багш нь нэг болон хэд хэдэн салбар, шинжлэх ухаан, мэргэжлийн онол, арга зүй, хандлагыг суралцагчдадаа эзэмшүүлэх үүргийг хүлээдэг. Энэ чадамжууд багш мэргэжлийн гэхээсээ төрөлжсөн салбарын мэдлэг, ур чадвар, хандлагад хамаарч, эзэмшүүлэх хэлбэр нь салбар дундын байна.
Багшийн ажил мэргэжлийн чадамжийн хүрээ (SEA-TCF, 2018)
Багшийн мэргэшил дээшлүүлэлт нь илүү чадамжид суурилсан хандлагатай болж байгаагийн үндсэн шалтгаан нь бидний амьдрал, ажил, сургалтын процесст өдөр бүр шахуу шинэ мэдлэг, технологи нэвтэрч байгаатай холбоотой юм (Caena and Redecke). Тэдгээрийг эзэмших, үр дүнтэй ашиглах, өмнөх мэдлэг, ур чадвараа тордон өнгөлөх, давуу талаа болгох, хэцүү асуудлуудаа хамтдаа шийдвэрлэх, бүтээлч сэтгэхүйн шинэ түвшинд гарах, дижитал хэл сэтгэлгээ гэх мэт 21 зууны чадамж руу улам дөхөж байгааг багш бид анзаарч байна байх. Бидэнд хэдий чинээ олон тооны ажил мэргэжлийн чадамж, арга барил, хэрэгсэл байхын хэрээр бидний одоогоор мэдэхгүй байгаа ирээдүйн сорилт, эрэлтэд зохистой хариу үйлдэл үзүүлэх чадвар нэмэгдэнэ. Энд дурдсан ирээдүйд бэлэн байх үзэл санаанд тулгуурласан багшийн хөгжлийн загварыг OECD байгууллагаас гаргажээ.
Багшийн мэргэшил дээшлүүлэх сургалтаар багш нарт эзэмшүүлвэл зохих өнөө цаг үед үнэ цэнтэй дараах чадамжууд байна. (Selvi)
Тэдгээр нь:
- Заадаг хичээлийн чадамж – Боловсролын Их сургуульд үзэж судалсан заадаг хичээлийн хүрээний мэдлэг, шинжлэх ухаанч байдал, мэдлэгээ үр дүнтэй ашиглах чадвар хэзээ ч хангалттай байдаггүй.
- Судалгааны ажил эрхлэх чадамж – Боловсролын салбарт болон заадаг хичээлийн салбарт гарч байгаа шинэ мэдлэг, ололтыг судлан үзэж, өөрийгөө болон бусдыг цэнэглэхэд сониуч, эрэл хайгуулч дадал хэвшилтэй болох хэрэгтэй.
- Хөтөлбөр, агуулга хөгжүүлэх чадамж – Багш нар нь хөтөлбөр хөгжүүлэх баяжуулах, үр дүнтэй хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, хандлага чухал болсон.
- Сэтгэл хөдлөлийн чадамж – Суралцагчдын сэтгэл хөдлөлийг мэдэрч, тэдний суралцах хэрэгцээнд нийцүүлэн ажиллаж сурах нь мэргэшсэн байдлыг илтгэнэ.
- Нийгэмшихүй соёлын чадамж – Суралцагчид, хамт ажиллагчид, эцэг эх, асран хамгаалагчдын бүлэгтэй үр дүнтэй харилцах, боловсролын байгууллагад ардчилал, хүний эрх, нийгмийн үнэ цэн, шашин, олон ургальч үзэл зэргийг хүндэтгэж сурахад ач холбогдол өгнө.
- Насан туршийн суралцахуйн чадамж – Багш нь суралцагчид, шавь нарынхаа үлгэр дуурайлал болж байх үүрэгтэйн хувьд насан туршдаа суралцагч байх хэрэгтэй юм. Түүнчлэн өөрсдийн суралцагч, шавь нараа ч насан туршдаа суралцахад нь уриалагч, чиглүүлэгч нь байх болно.
- Харилцаа холбоо тогтоох чадамж – Суралцахуйн зориултууддаа хүрэх үндсэн аргуудын нэг нь янз бүрийн харилцаа, бүлэг, сүлжээг чадварлагаар үүсгэж чаддаг байх явдал юм.
- Мэдээлэл, харилцаа холбооны – Сургалтын үйл ажиллагааны бүх шатанд мэдээлэл, харилцаа холбоо (ICT)-ы техник, технологиудыг ашиглах нь сургалтын үр дүнг амжилттай болгоно.
- Байгаль орчны чадамж – Ногоон амьдралын мэдлэг, ур чадварууд, байгаль экологийн нөөцийг зохистой ашиглах, хадгалах, хамгаалах бүх талын менежментийг боловсрол, сургалтын үйл ажиллагаандаа ашиглах чадварыг шаардана.
- Дижитал хэл, сэтгэлгээ – 21 дүгээр зууны үндсэн чадамж болох дижитал хэл, сэтгэлгээг хүүхэд бүрд эзэмшүүлэхийн зэрэгцээ багш бүр энэ мэдлэг, ур чадвар, сэтгэлгээ хандлагыг эзэмших хэрэгцээ бий.