Senior Experts talks

1.2. Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг

 2014-04-02 15:54

Үзэг барьсан турьхан гарт минь

Үг холбох аргыг заасан

Бага ангийн багшдаа баярлалаа ... хэмээн хөөрхөн  хүүхдүүд хайр татам дуулж байна.


           Энэ бол Архангай аймгийн Эрдэнэмандал сумын бүрэн дунд сургуулийн 4б ангийн сурагчид. Анги удирдсан багш нь Т.Дашжид. Энэ бяцхан хүүхдүүд Боловсролын тэргүүний ажилтан Түмэнгийн Дашжид багшийн отгон шавь аж. Бага насны гэгээн дурсамж тархины бор хальсанд суулгасан дүрс бичлэг мэт үлддэг. Хүүхдийн оюун сэтгэхүй гэдэг амьдралын эрээн бараанд нухлагдаж доль цохиж, зурагдсан пянз мэт болчихоогүй, цоо шинэ соронзон хальс мэт байдгаас тэр биз. Гал цогтой, хүүхэд шиг цайлган цагаан сэтгэлтэй, хүнд тусархуу гээд Дашжид багшийг мэргэжил нэгт нь магтаад үл барнам. Эрдэнэмандал хэмээх энэ сумынхаа сургуульд тасралтгүй 32 дахь жилдээ ажиллаж түмэн шавиараа хүрээлүүлж сэтгэл өег суугаа эгэл жирийн ардын багштай нийслэл хотдоо ирээд байхад нь уулзаж ярилцсанаа хүргэж байна.


“А”үсэг анхлан заадаг багш гэдэг цэвэрхэн цаасан дээр үсэг, тоо тавьж байгаатай адил юм уу даа?

-Тийм ээ. Хүүхэд гэдэг чинь цэвэр тунгалаг сэтгэлтэй ариун эрдэнэ юм шүү дээ. Энэ эрдэнийг өнгөлөх үү, гандуулах уу гэдэг нь багш хүнээс ихээхэн шалтгаалдаг. Эгч нь боловсролын байгууллагад 32 жил ажиллах хугацаандаа найман удаа нэгдүгээр анги авч олон сайхан шавьдаа эрдмийн жолоо атгуулсан.


Та өөрөө анх сургуульд орж байсан тэр гэгээн өдрөө дурсаач.  “А” үсэг  заасан ачит багшаа яримаар дурсмаар үе зөндөө л биз дээ?

-Сайхан асуулт байна. Ээжийгээ дагуулаад хүрэн цүнх үүрээд салаа хоёр гэзгээ туузан цэцгээр гоёод 1967 оны есдүгээр сарын 1-нд сурагч болсон тэр нандин өдрийг хэзээ ч мартдаггүй. Миний анхны багшийг н.Чулуунбат гэдэг. Одоо Улаанбаатарт эрүүл саруул, энх тунх сайхан амьдардаг. Сайн багштай таарна гэдэг хүн болж төрсөнтэй адил ховор аз завшаан гэж ойлгодог.  Багш хүнд түмний нялх үрсийн гэгээн энерги шингэдэг. Би удахгүй гавьяаныхаа амралтанд гарна. Яг энэ л үед багшийгаа улам их ойлгож дэндүү их үгүйлдэг юм байна. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан юм шүү дээ. Өтлөх тусам бага ангийнхаа багшийг үгүйлэн сурагч насаа дурсан санамаар болох юм. Миний муусайн шавь нар ч гэсэн бас л үгүйлж суудаг байх даа.


Та их нээлттэй, зөөлөн хүн бололтой. Бага ангийн хүүхэд гэдэг дөнгөж цэцэрлэгт тоглож наадаж, ээж аавдаа эрхэлж өссөн дэггүй, дураараа, уйламхай байдаг даа. Тэдэнтэй хэрхэн харьцаж, хэл амаа ололцдог вэ?  

-Нас ахих тусмаа хүн зөөлөрдөг юм байна. Залуу байхдаа шавь нараа хааяа зэмлэдэг л байлаа. Хүүхэд болсон хойно дор нь мартаад л багшаа гээд л дэвтрээ үзүүлэх гээд хүрээд ирдэгсэн. Одоо бол отгон шавь нар минь болохоор илүү хайрлах сэтгэл төрөх юм. Удахгүй эднийгээ орхиод гэртээ сууна гэж бодохоор өөрийн эрхгүй самсаа шархирах юм даа.  Миний шавь нарт асар их хувь заяа бий. /Хоолой нь зангирав/


Багш хүн амьдрал ядуу, сэтгэлээр баян, эрдэм агуу гэдэг үгтэй та нийлэх үү?

-Нийлнэ. Боловсролын байшингийн суурь нь бага анги, тэр тусмаа нэгдүгээр анги. Бага ангийн багш гэдэг бол хамгийн чухал үүрэгтэй. Би шавь нараа “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гээд л зүйр цэцэн үгээр сургаж өгнө шүү дээ. Миний шавь нар надаас л илүү яваасай гэж битүүхэн дотроо залбирч явна. Шавь нар минь сайн л явбал багшийнхаа ачийг хариулж яваа нь тэр дээ. Би үе үехэн шавь нартаа “Хүний ч бай, өөрийн ч бай хөдөлмөр зүтгэл, хөлсийг заавал үнэлж бай!”

“Цасан дээр мөртэй

Цаасан дээр нэртэй яваарай!” хэмээн захидаг.


Багш мэргэжил таниас ямар зан чанар илүү шаардаж байна?

-Польшийн нэрт сурган хүмүүжүүлэгч Януш Корчакийн нэгэн тэмдэглэлд хүүхдийн оюуны ертөнцийг хүндэтгэх, харин тэгэхдээ хүлцэнгүй хандахгүй байх тухай дурдсан байдаг. Энэ бол тун нарийн утга санаа. Хүүхдийн оюуны ертөнцийг хүндэтгэх гэдэг үзэл нь ертөнцийг зүрх ба ухаанаараа танин мэдэх явдал гэж ойлгох хэрэгтэй. Шавь нарынхаа ирээдүйг үргэлж гэрэл гэгээтэйгээр төсөөлөн ярьдаг. Монголчууд “амны билгээс ашдын бэлэг” гэдэг дээ.


Баатар горилоогүй ариун үйлс тань хүүхдэд шингэж

Баяжихыг горьдоогүй даруухан амьдрал тань хүнд шингэж

Баярлах гомдохдоо хүний төлөө байдгаараа

Багш та энэ ертөнцийн ээж нь юм уу даа?  

-Багш хүн өөрийнхөө бага насыг үргэлж санаж өөртэйгээ зүйрлэн хүүхдээ хайрлан хүндэтгэх хэрэгтэй. Сайхан шүлэг байна. Баярлалаа.


Сурлагаар тааруу хүүхдийг яаж ахиулах вэ?

-Сурлагаар тааруу хүүхэд гэж байдаггүй. Харин бусдаасаа ялимгүй хоцорч сурдаг хүүхэд л байна. Би хичээлээсээ үл ялиг хоцорч байгаа сурагчиддаа миний шавь том болоод аав, ээж болох уу? гэж асуудаг. Тэд маань болно оо гээд л инээнэ. Тэгвэл ирээдүйд хүүхэд чинь таниас хичээлээ асуувал “би сураагүй ээ, ээжээсээ асуу гэж хэлэх муухай биз дээ” гэхээр шавь минь бяцхан ч үүнийг ойлгодог юм билээ. Мэдэхгүй зүйлээ асуугаад л ирдэг. Хүүхдийн урмыг хугалж огт болохгүй.  Хүүхдээ сайн хүн, эрдэм номтой хүн болгоё гэвэл багш, эцэг эх, сургуулийн гурвалсан хэлхээ холбоо чухал. Хүмүүжил боловсролоос ч илүү болж байгааг та бид амьдрал дээрээс харж байна.


Сайн багш гэж хэн бэ?

-Юуны өмнө сайн хүн байх ёстой. Тэгээд мэргэжилдээ хайртай, хүн судлаач, сэтгэлзүйч, шавь нарын хамгийн нууц ертөнц рүү шурган орж, нээж чаддаг хүнийг л хэлнэ. Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг. Хүүхдийг хоцрогдолгүй сургана гэдэг нь багшийн ур чадвараас шалтгаалдаг. Хүүхэд хөдөлж байгаа цагт байнга хөгжиж байдаг гэж би боддог. Тиймээс хүүхдийн хөгжиж, хөдөлж байгаа хандлага нь зөв байвал хүүхэд бусдаас хоцрохгүй сурч болдог. Ер нь багшийн хөдөлмөр нэлээд хүнд юм шиг хэрнээ их энгийн аргаар аваад явчихдаг тийм л сайхан мэргэжил дээ.


Өрхөө татаж өглөөг угтдаг шиг, шинжлэх ухааны өрхийг багш хүн л татдаг гэдэг. Та хэр сайн багш вэ?

-Бид хүнд дүн тавьдаг хүмүүс биш, харин хүмүүсээр дүн тавиулдаг улс шүү дээ. Шавь нар, эцэг эхчүүд аль хэдийнэ дүнгээ тавьчихсан. Та тэднээс асуу.


Таныг сайхан шүлэг бичдэг гэж сонссон?

-Эх хүн гэдэг энэ хорвоогийн дээдийн дээд бурхан. Тэр ч утгаараа би ижийдээ өдөр бүр залбирч явдаг. Ачит ижийгээ бодохоор гэгээн бүхэн надад ирдэг. Мундаг найрагчидтай яахан эн зэрэгцэх билээ. Аав,ижийгээ үгүйлэн санахаар өөрийн эрхгүй дөрвөн мөрт сэтгэлд буух юм даа.

…Эргэх хорвоог солиод нэг үзэхсэн

Ээжийнхээ мөөмийг цадтал нэг хөхөхсөн

Хүй тасарсан орон гэртээ

Хүн болсны баяраа нэг хийхсэн … гээд шүлэг тэрлэж байсан маань санаанд бууж байна.

Хүн ижийгээ өдөрт есөн удаа санахад үйлс нь бүтдэг юм гэнэ лээ.


Тантай ярилцахад сайхан байлаа. Сэтгэлийн тань үгээр ярилцлагаа жаргаая?

-Аавдаа зориулж нэг шүлэг тэрлэсэн юм. Энэ шүлгээс миний амьдрал харагддаг юм.

“Аав минь ээ

Алаг сайхан үр чинь

Амраг түвшин ханьтай

Алаг гурван үртэй болсон”… гээд л аавыгаа санахаараа уншдаг юм аа. Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч яваа олон зуун шавьдаа энэ хорвоогийн гэгээн бүхний дээдийг хүртэж явахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

П.Наран


 www.shuud.mn веб хуудсанд 2014 онд хэвлэгдсэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Т.Дашжид багшийн ярилцлагыг тус сайтын зөвшөөрөлтэйгээр нийтэллээ.

© 2024 он. mindset.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency