БАГШ ПЛАТФОРМ-ыг Үүсгэн байгуулагч миний аав Нансалын БАРАМСАЙ гэж багш, боловсролын ажилтан, соён гэгээрүүлэгч хүн байв. Тэрээр, Боловсролын салбарт ажиллаж байх хугацаандаа хуримтлуулсан арвин их туршлага, мэдлэг бүрээ бичиж тэмдэглэн үлдээжээ. Уг тэмдэглэлүүдэд нь тулгуурлан “Боловсрол, Сургалт” цувралыг эхлүүлэн, бүх санааг нь ном бүтээл болгохыг зорин ажиллаж байна. Түүний 10 жилийн өмнө багшийн хөгжилтай холбоотой бичиж үлдээсэн гол санаануудаас сийрүүлвэл,
- Өмнөх үеийнхээ хийж бүтээсэн зүйлд тулгуурлан дараа дараагийн шинэ соргог зүйлсийг хөгжүүлж, боловсруулж түгээн дэлгэрүүлэх нь чухал.
- Нийгмийн амьдралын бүх салбарыг хамарсан өөрчлөлт тасралтгүй үргэлжилнэ. Өөрчлөлт шинэчлэлийг зогсолтгүй явах “ галт тэрэг” хэмээн сэтгэх нь зүйтэй.
- Хүүхдэд итгэл хүлээлгэн дотно харилцах нь амжилтын гол түлхүүр юм. Суралцагчдад урам зориг, итгэл төрүүлэх нь багш хүний эрхэм чанар байна. Амжилтаас төрсөн бадрангуй сэтгэл л сурах сонирхлыг төрүүлдэг.
- Суралцагчдад мэдлэг чадвар эзэмшүүлэх биш, суралцагчид мэдлэг чадварыг бүтээдэг.
- Чөлөөт сонголт бол бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх хамгийн энгийн алхам юм.
- Хүн өөртөө бодитой үнэлэлт өгч чаддаггүй цорын ганц хөдөлмөр бол сурах хөдөлмөр байдаг. Хэрэв хэн ч гэсэн өөрийн хийсэн үйлдэл, гүйцэтгэсэн ажлаа цэгнэж чаддагсан бол “алдаа” багасаж, аз жаргалтай амьдрах бололтой.
- Багшийн бүтээлч үйл ажиллагаа, түүнийг өдөөгч сургуулийн удирдлагын зөв менежмент сургуулийг өөрчлөх цорын ганц найдвартай баталгаа мөн.
- Боловсролын өөрчлөлт, шинэчлэл эцэстээ багшаар л дамжиж хөрсөндөө бууна.
- Сургууль бол багшийн хөгжлийг хангах үндсэн төв.
Цуврал бүрийн эхэнд аавынхаа захиас, шинэлэг санааг оруулсан байгааг та анзаараарай.