Ерөнхий мэдээлэл

Шинэ цагийн боловсролын салбар нэг бүхэл бүтэн нэгэн зууныг насалж,  боловсролын салбарын ре-инженерчлэлын талаар хэлэлцэх шалтгаан нь болж байна. Дараагийн 100 жилийг хэрхэн төсөөлөх талаар ярилцах цаг ийнхүү ирсэн байна. Ер нь одоо байгаа байдлаараа энэ чигээрээ цаашаа явах уу гэдэг ээ бид заавал бодож үзэх хэрэгтэй болсон гэсэн үг. Тийм учраас энэ талаар өөрийн санал бодлоо хуваалцъя.

Ре-инженерчлэл гэдэг нь тухайн системийг дахин загварчлах тухай ойлголт. Ре-инженерчлэл хийх хэрэгцээ шаардлагыг “өнөөдрийн боловсролын систем нь дижитал эрин дэх боловсролын олон талт хэрэгцээг хангаж чадахгүй болсон” гэх таамаглал (hypothesis)-аар тайлбарлаж болно.  Учир нь боловсролын энэ систем XVIII зуунд бий болсон, одоо XXI зуун, энэ их хугацаа өнгөрсөн байхад бид өөрчлөлт хийхгүй удаашрах нь буруу юм. Боловсролын уламжлалт тогтолцоо гэж нэрлэдэг энэ хэлбэр нь хүн бүр заавал сурах шат шатны боловсролын байгууллагуудтай, сургуулийн жилүүд нь ангид хуваагддаг, анги бүрд үзэх хичээлүүдтэй, хичээл бүрээр эзэмшүүлэх агуулга тодорхойлсон, агуулгын дагуу сурах бичиг, хэрэглэгдэхүүн боловсруулдаг, хичээлээ дагасан кабинет, үзүүлэн, хэрэгслээр хангагддаг, багшийг судлагдахуунаар бэлтгэдэг, үнэлгээ нь шалгалт хэлбэртэй, төгсгөлд нь үнэлэх зохицуулалттай, диплом гэрчилгээ олгодог. Энэ бол 1760-аад онд бий болсон Прүссийн боловсролын загвар юм.

Зураг. Прүссийн загвар

Прүсийн боловсролын энэ системийг үүсч бий болсон тэр үед аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгал ид өрнөж байсан үетэй давхцаж байгаа юм. Үйлдвэрлэлийн шугам бий болж, нэг стандартаар бүтээгдэхүүнийг массаар нь үйлдвэрлэх, чанарыг хянах систем төлөвшиж байсан үе. Энэ бүгд одоогийн манай орны боловсролын системийн дүр төрх гэдгийг анзаарах хэрэгтэй. Нэг стандарт, хөтөлбөрөөр хүүхэд бүрийг нэг ижил хайрцгаар хайрцаглаад, бүгдэд нь нэг ижилхэн үнэмлэх өгдөг. Ижил шалгуур тавьдаг учраас зарим нь гологддог, зарим нь шилэгдмэл гэж ангилах ч юм уу хэлбэртэй болж ирсэн. Энэ бол үнэхээр харамсалтай зүйл. Альберт Эйнштэйн “загасыг модонд авируулж дүгнэдэг систем” хэмээн нэрийдсэн нь миний хэлэх гээд байгаа санааг ойлгомжтой, товч тодорхойлсон гэлтэй. Тэгэхээр өнөөдрийн боловсролын систем нь энэ цагийн олон талт боловсролын хэрэгцээг яагаад ч хангаж чадахгүй болчихоод байна.

Ерөнхий мэдээлэл

2000 онд “Жишиг сургуулийн загвар” (School Excellence Model, цаашид SEM эсвэл САЙН сургууль гэнэ) гэсэн чанарын үнэлгээний хэрэгслийг анх удаа бий болгожээ. Энэ загварт САЙН сургуулийн бүхий л үзүүлэлт, шинж чанарыг багтаасан багц гүйцэтгэлийн үнэлгээ байв. Ингэснээр өмнө нь огт байдаггүй байсан дотоод, гадаад хяналтын уялдаа холбоо, ойлголцол, сургууль хоорондын харьцуулалтууд хийх өргөн боломжийг олгосон нь ач холбогдолтой гэж салбарын эрдэмтэн, судлаачид тэмдэглэсэн байдаг (Seah, Ow, 2003). Жишиг сургуулийн загвар бий болсноор удирдлагыг хялбар болгож, сургууль бүр өнөөгийнхөө түвшинг мэдэж авснаар “Жишиг” үзүүлэлт рүү бие даан тэмүүлэх болсон байна. Жил өнгөрөх тусам л жишиг сургуулийн стандартчилал, гүйцэтгэлийн үзүүлэлтүүд нь чамбайрч байгаа бөгөөд мөрөөдлийн гэж болохуйц загвар руу ойртож байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Байгууллагын шилдэг зохион байгуулалтын талаар тодотгох нь өнөө үед моод болсон. Гэсэн хэдий ч онц сайн байх нь ойлгомжгүй ойлголт бөгөөд үүнээс хамаарч болно. Олон янзын чадвар, үнэт зүйлс дээр тулгуурлана (Peters, Waterman, 1982). 1990-ээд онд шилдэг загварууд, шагналууд гарч ирсэн нь сонирхлыг нэмэг-дүүлсэн, зохион байгуулалтын шилдэгийг эрэлхийлж, илүү тодорхой хэлбэрийг өгсөн маш сайн зохион байгуулалт байлаа. Энэ давалгаа одоо Сингапурын боловс-ролын салбарт үр дүнд хүрчээ. “Сэтгэдэг сургууль, суралцагч үндэстэн” (TSLN) үндэсний үзэл баримтлалын дагуу Сингапурын сургуулиудыг маш сайн сургууль болгон хөгжүүлэхийг хүсч байна. Захирлууд уян хатан, хариу үйлдэл үзүүлдэг байхын тулд тэдэнд илүү бие даасан байдлыг өгөх нь үр дүнтэй. Сургуулиуд нь, сургалтын бодлого нь юуны түрүүнд суралцагчдын сурлагын амжилт, сургуулийн инноваци, олон талт байдалд тулгуурлах хэрэгтэй гэж үзсэн (Chia, Keat, Tan, 2004). SEM нь боловсролын удирдлагын төвлөрлийг задалсан төвлөрүүлсэн (decentralized centralism) системийн билэг тэмдэг гэх нь ч бий. Энэ системийг ойлгоход төвөгтэй санагдаж магад. Гэхдээ сургууль дээрх суралцагчдын эрэлт, хэрэгцээнд нийцсэн инноваци, академик хөгжлийг хангах захирлуудын эрх чөлөө болон боловсролын системийн чанарын нэгдмэл байдал гэдгээр илүү ухаж ойлговол хялбар болох юм. SEM-г албан ёсоор 2000 онд хэрэгжүүлж эхэлсэн. 2009 оноос PISA шалгалтад өндөр амжилт үзүүлж эхэлсэн. SEM буюу Сайн сургуулийн загвар нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэж байна.

Сайн сургуулийн загвар (SEM)

  • Манлайлал: Сургуулийн захирал болон сургуулийн манлайллын систем нь үнэт зүйлсэд хэрхэн нөлөөлдөг; суралцагчдын суралцахуй, сурлагын амжилтыг сайжруулахад хэрхэн анхаардаг; мөн сургууль нь хэрхэн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлдэг; байдалд үнэлгээ өгнө.
  • Стратеги төлөвлөлт: Сургуулиуд оролцогч талуудад анхаарсан байдлаар хөгжлийн замналаа тодорхойлсон байдал; хөгжлийн замналдаа хүрэхүйц үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж чадсан эсэх; хэрэгжүүлэлтээ хэрхэн хийх; гүйцэтгэлээ хэрхэн хэмжих; чадамжид үнэлгээ өгнө.
  • Хүний нөөцийн удирдлага: Байгууллагын бүх ажилтан, албан хаагчдынхаа мэдлэг, авьяас, чадварыг хэрхэн бүрэн дүүрэн ашиглаж, САЙН сургуулийн зэрэглэлд аваачих арга барил нь юу болоход ач холбогдол өгнө.
  • Нөөцүүд: Сургууль стратеги төлөвлөгөөнийхөө хэрэгжилтэд өөрийн дотоод нөөц боломж болон хамтрагч, түншүүдээ хэрхэн үр дүнтэй, үр ашигтай ашиглаж чадах эсэхэд дүгнэлт өгнө.
  • Суралцагчдад чиглэсэн арга хэмжээ: Сургууль нь суралцагчдад цогц боловсрол эзэмшүүлэх, тэдний аз жаргалтайгаар суралцах нөхцөлийг бэхжүүлэх ажлыг хэрхэн төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдах, тасралтгүй сайжруулах гэдэгт бодитой санаачлага гаргах хүлээлтэд суурилна.
  • Захиргааны болон үйл ажиллагааны үр дүн: Сургууль ямар үр ашиг, үр нөлөөний түвшинд хүрснийг тогтооно.
  • Багш нарын үзүүлэлт: Багш нарын мэдлэг, ур чадвар, ёс суртахууны сургалт, хөгжүүлэлтийн үр дүнг хэмжинэ.
  • Түншлэл ба нийгмийн үр дүн: Сургууль түншлэл болон нийгмийн харилцаанд ямар амжилт үзүүлж байгаад дүгнэлт хийнэ.
  • Гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүд: Сургуулиуд суралцагчдын цогц хөгжлийг хэрхэн хангаж байгаа; Боловсролын хүсэмжит түвшинг хэрхэн хангаж байгаад үнэлгээ хийнэ.

Ерөнхий мэдээлэл өгөх нь:

LEAN систем нь Японы Тоёота үйлдвэрээс үүсэлтэй Lean үйлдвэрлэлийн зарчмуудаар тодорхойлогддог. Зарчмууд нь их энгийн, ойлгомжтой, бас та бүхэнд мэдээжийн мэт санагдаж магад. Уг зарчмуудаас дурдвал,

  • Тасралтгүй сайжруулалт,
  • Хэрэглэгчээ сэтгэл хангалуун байлгах,
  • Эхнээс нь чанартай хийх,
  • Манлайлагчаа гаднаас бус дотроосоо төрүүлэх г.м.

Японы засаг төр, иений ханш, макро эдийн засгийн бусад хүчин зүйл яаж ч өөрчлөгдөж байлаа гэсэн тэдгээрээс үл хамааран Тоёота компаний инженерийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маш сайн, тогтвортой явагддаг байна. Тэд шидтэнүүд биш, харин тэд “чанар”-ыг загварчилж, машин үйлдвэрлэх процессын алхам бүрд чанарыг шингээж чадсанаас гадна үйлдвэрлэлд зарцуулах хөдөлмөр цагийг гайхалтайгаар багасгаж чадсан юм[1]. Боловсролын салбарт буулгавал хэрэгцээгүй олон ажлыг хасаж багасган, бидний зорилго болох сургалтын чанарыг дээшлүүлэх зорилтоо час хийсэн цөөн алхмаар богино хугацаанд хийж гүйцэтгэх чадамжийг байгууллага, удирдлага, багш нар, суралцагчдадаа эзэмшүүлэхэд анхаарах ёстой л гэж уншигдаж байна.

Энэ системийн талаар судлах тусам бид зөндөө их хүч хөдөлмөр, хөрөнгө, санхүү зарцуулан байгууллагаа хөгжүүлэх том том стратеги, бизнес төлөвлөгөөг олон жилээр тааварлан боловсруулах хэрэг байна уу? Ингэж асуух болсон шалтгаан нь 1990-ээд он, түүнээс өмнөх үе шиг бүх зүйлийг багадаа 5 жилээр тодорхойлж, таамаглаж болохуйц биш орчин нөхцөлд амьдарч эхэлцгээлээ. Тиймээс аль болох уян хатан бүтэц, үйл ажиллагаанд тулгуурлан алс хараагаараа баримжаалан тухай бүр асуудал шийдвэрлэх хэлбэрээр урагшлах нь илүү ухаалаг, хэмнэлттэй бас удирдаж болохуйц, үр дүнтэй болох биш гэж үү. Та бүхэн энэ бүлгийн уншиж үзээд, дэлгэрүүлж лавласныхаа дараа өмнөх бодол тань өөрчлөгдөх болов уу.

Утга нь:

  • Lean – хавчиг, хомс, давчуу, хэмнэлттэй гэсэн утгатай боловч цаашид “дэвшилтэт” гэдэг утгаар нь ойлгоно.

Шинэ хандлага

  • Тасралтгүй хөгжүүлэлт
  • Хүмүүсийг эхэнд тавих

Онцлог

  • Эрүүл сэтгэлгээ
  • Бүтээмжит шийдэл
  • Тогтвортой хөгжил

Давуу тал

  • Хэн ч хэрэгжүүлэх боломжтой
  • Туршигдаж батлагдсан

Үндсэн зарчмууд

  • Бүхэлд нь анхаарал хандуулах
  • Илүүдэл зүйлсийг хаях
  • Чанарыг тогтоох
  • Хурдан хүргэх
  • Мэдлэг бүтээх
  • Амлалтаа хойшлуулах
  • Хүмүүсийг эхэнд нь тавих

Баг бүрдүүлэх

  • Ямар үйл ажиллагааг сайжруулахыг тодорхойлох
  • Тухайн төсөлд зориулан баг бүрдүүлэх
  • Шийдвэр гаргах эрх чөлөө олгох
  • Өөрчлөлт хийх
  • Давуу талыг бий болгох
    • Харилцаа сайжрах
    • Чадавхжих
    • Интеграцчилах
    • Хөгжүүлэх

Арга зүй

  • Хурд, бүтээмж, хэмнэлт
  • Үндсэн үйл ажиллагаа
    • Тасралтгүй хөгжүүлэлт (үнэ цэн нэмэх)
    • Хүмүүсийг эхэнд тавих (Үйлчлүүлэгч, Ажилтан, Хамтрагч)
  • Тасралтгүй хөгжүүлэлт
    • Боломжууд-Хөгжүүлэлт-Хэрэгжүүлэлт-Дүгнэлт

Шийдлүүд

  • Үнэ цэнийн урсгалыг дэлгэн харуулах болон харилцаа хамаарлуудыг цомхотгон урсгалыг оновчлох
  • Гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, трендийг тодорхойлох, үйл ажиллагааг нарийвчлах замаар тасралтгүй хөгжүүлэлтийг цэнэглэх
  • Багийн гишүүдэд инноваци бүтээх, дасан зохицох, хурдан хүргэх чадвар эзэмшүүлэх
  • Багуудын холбоог сайжруулах замаар том, илүү нарийн төвөгтэй захиалга гүйцэтгэх
  • Цагийн нөөц, хүний нөөц, санхүүгийн нөөцийн тэнцвэрийг хангах
  • Үнэ цэнийн замын зураглал, найдвартай санхүүжилтээр дамжуулан стратегийн үйл ажиллагаануудыг удирдах

[1] Жеффри К.Лайкер., Тоёота менежмент, 2021

Ерөнхий мэдээлэл

СТРАТЕГИЙН ЗАГВАР 1. СУУРЬ ЧАДАМЖ (CORE COMPETENCIES)

Суурь чадамж гэдэг нь байгууллагад төлөвшсэн байдаг, эсвэл бусдаас онцгой хийж чаддаг, стратегийн хувьд байгууллагад давуу тал болдог давтагдашгүй соёлыг хэлнэ[1]. Байгууллага бүрт өрсөлдөх чадварыг нь тогтвортой нэмэгдүүлж, түүний давуу тал нь болдог, дуурайж хуулбарлаж болшгүй, үнэ цэнэтэй, мэдрэгдэхүйц, эсвэл үл харагдах өмч гэж байдаг. Түүнийг суурь чадамж гэнэ[2].

Суурь чадамж загвар нь стратегийн загвар бөгөөд байгууллагын онцлог давтагдашгүй зүйлийг тодорхойлж, түүнийг ашиглан хэрэглэгч, үйлчлүүлэгчид зориулан үнэ цэнийг бий болгох, санал болгоход ашиглах юм. Байгууллагаа сайн таньж мэдэх үйл явц нь ажилтнууд нь өөрсдийн бусад өрсөлдөгчдөөсөө ялгарах үнэ цэнээ олж мэдэх, олж тогтоосноор байгууллагынхаа давуу тал, чадвараа илүү ойлгоно.

Зураг. Суурь чадамжууд загвар

Суурь чадамжийн жишээ:

Японы SONY компани: Цахилгаан хэрэгслүүдийг авсаархан болгох

Японы Honda компани: Өндөр хүчин чармайлттай суудлын машин

АНУ-ын Apple компани: Хэрэглэгчид ээлтэй компьютер төхөөрөмж, загвар

АНУ-ын Canon компани: Сайн линзийг бичил электрон төхөөрөмжтэй холбох

АНУ-ын 3М компани: Наалддаг туузыг тасралтгүй хөгжүүлэх

АНУ-ын MIT их сургууль: Энтрепренёр боловсролыг чанартай хүргэх

[1] Hamel G., Prahalad C.K., Competing for the Future: Breakthrough strategies for seizing control of your industry and creating the markets of tomorrow. Boston, 1994

[2] Barney J.B., Firm resources and sustainable competitive advantage. Journal of Management, 1991

Ерөнхий мэдээлэл

Сингапур улс нь байнга өнөөдрийнх шиг өндөр хөгжсөн орон байгаагүй нь мэдээж. Энэ нь үүсмэл улс билээ. Саяхан 1965 онд Малайзын бүрэлдэхүүнээс хасагдаж, бие даан амьдрах болсон хатуу ширүүн нөхцөл байдалтай нүүр тулсан орон. Байгалийн ямар нэг баялаг байхгүй, цэвэр ус ч байхгүй, 720хон км.кв нутаг дэвсгэртэй, (Харьцуулвал, манай орны нэг дундаж сумын нутаг дэвсгэрээс 3 дахин бага) тэдний хувьд байдал үнэхээр амаргүй байсан тухайн үед эхний хийж хэрэгжүүлсэн анхны алхам нь өөрсдийн хүчинд найдаж, импортыг орлох чиг баримжаанаас экспортод чиглэсэн эдийн засгийг дэмжих бодлого баримталсанд оршино. Мөн Сингапурын төлөө сэтгэлтэй олон үндэстнийг нэгтгэн цуглуулах бодлогыг амжилттай хэрэгжүүлжээ. Тиймээс Сингапур нь үүссэн улс юм. Үйлдвэржилтийн бодлого нь амжилттай хэрэгжиж 1965-1984 оны хооронд эдийн засгийн өсөлт нь жил бүр 10 хувь орчим байсан нь үсрэнгүй хөгжилд хүргэжээ. Гэвч 1985 онд үйлдвэрлэлийн нөөцийн хомсдол, хөрөнгө оруулалтын үр шим буурч, үйлдвэрлэлийн салбарын зардал өссөн зэргээс Сингапурын эдийн засагт хямрал нүүрлэсэн бөгөөд энэ үед эдийн засгийн бодлогоо богино хугацаанд өөрчлөн санхүү хөрөнгө оруулалт, бизнес, аялал жуулчлал, мэдээлэл харилцаа, энтертайнмент зэрэг үйлчилгээний салбарыг дэмжин эдийн засгаа үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн 2 тулгууртайгаар хөгжүүлсэн түүхтэй.

2010 он гэхэд чинээлэг үндэстэн, дэлхийн хот, олон улсын худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, авьяасын зангилаа цэг нь болж, Сингапур нь 40 гаруйхан жилийн дотор буурай хөгжилтэй жижигхэн тосгоноос дэлхийд тэргүүлэгч улс болсныг дэлхий нийтээр бүрэн хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Өнөөдрийн байдлаар Логистик, Дамжин өнгөрөх агаарын тээврийн зорчигчийн тоо, Аялал жуулчлал, Банк санхүү, Нэгж талбайд ноогдох ашиг, орлогын хэмжээ, Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Суурь боловсрол, Засаглалын зэрэг олон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Ямар ч байгалийн нөөц, баялаг байхгүй орон гэхэд нефть бүтээгдэхүүний экспортоор дэлхийд эхний 3-т тогтмол байна гээд бодохоор энэ улс орныг бишрэхгүй байх аргагүй юм. Улс үндэстнийх нь хамгийн том баялаг нь хүн ам нь юм. Хүн бүрт чанартай боловсрол эзэмшүүлж, хүн бүр баялаг бүтээгч байх тогтолцоог сайн бүрдүүлж чадсан гэж үзэж болно.

Сингапур улсын боловсролын хөгжил

Сингапур улсын боловсролын яамнаас гаргасан тайланд, боловсролын систем нь PISA, TIMMS зэрэг албан уралдаан шалгалтад тогтмол тэргүүн байр эзэлж байгаа ч технологийн хурдацтай хөгжил, глобалчлалын нөлөөгөөр өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд ирээдүйгээ бэлтгэх нь тэргүүний зорилт болж байна. Тус улсын уламжлалт систем нь аж үйлдвэрийн уламжлалт хэв шинжид тулгуурласан байсан бол өнөөдөр аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэх цаг ирж байна[1] гэжээ.

Боловсролын сайд Ng Chee Meng 2017 оны Олон Улсын чуулганд үг хэлэхдээ боловсролын байгууллага нь хүүхэд бүрийн, оюутан бүрийн аз жаргалын орчин байх ёстой бөгөөд сургалт нь тоглонгоо суралцах, практик үйл ажиллагаанд тулгуурлах, цогц боловсрол (holistic education) эзэмшүүлэх зэрэг хэлбэртэй байхыг онцлон тэмдэглэжээ[2].

Сингапур улсын боловсролын систем нь хамгийн ачаалал өндөртэйд тооцогддог. Тиймээс ноён Ng сайд энэхүү ачааллыг бууруулахыг санал болгож, хүүхдийн төрөлх сониуч занг дэмжих сургуулийн орчинг бүрдүүлж, хүүхдүүдээ хөгжүүлж чадвал насан туршдаа амжилттай суралцах чадвартай болохын зэрэгцээ хүн бүрт байгаа энтрепренёр чадварыг тэлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг нэрлэн дурджээ.

Сингапур хүүхдүүдийн сурлагын амжилт дэлхийд байнга тэргүүлж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын PISA шалгалтын математик, шинжлэх ухаан, унших чадварын шалгалтын бүх төрлөөр болон нийлбэрээр 2012, 2015, 2018, 2022 онуудад тогтмол хүснэгтийн 1-р байрыг эзэлж байна[1].

[1] OECD., PISA 2018 Results in Focus, retrieved from https://oecd.org/pisa

[1] Thiam Seng Koh., David Hung., The Singapore Schools’ experience. Singapore, 2018

[2] Ng C.M., Committee of Supply Debate Speech by Ministry of Education. Singapore, 2017

Ерөнхий мэдээлэл

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох (Career guidance) зөвлөх үйлчилгээний нэг чухал хэсэг нь тухайн ажил, мэргэжлийг эзэмшсэн хүн цаашид хэрхэн өсөж дэвжих, албан тушаал, зэрэг дэв өсөх, түүний даган цалин хөлс, нийгмийн баталгаа хэр хангагддаг талаар, мөн өөр бусад салбар руу хэрхэн хөрвөж, давтан мэргэшиж нийгэм дэх байр сууриа хэрхэн дээшлүүлэх, баталгаажуулах талаар зааж зөвлөдөг үйлчилгээ юм.

Үүнийг Карьерын замнал (Career Path) гэдэг. Сингапур улсын туршлага хэсгээс багшийг мэргэшүүлэн хөгжүүлж салбарын зөвлөх, ахлах мэргэжилтэн, дэд захирал, сургуулийн захирал, яамны ажилтан хүртэл болгодог . Нэг талаар харвал мерит зарчим энд үйлчилдэг.

Боловсролын систем дэх карьерын зураглал

Боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нар цаашид ажил мэргэжлийн хувьд хэрхэн өсөж дэвжих хөгжлийн зураглалыг дараах байдлаар тодорхойлон танилцуулж байна. Бидний гаргаж төсөөлж байгаагаар, багш нь багшийн ажлынхаа оргилд хүртэл явах зам, бусдад мэдлэгээ түгээн дэлгэрүүлэн сургаж хөгжүүлэх үүрэг бүхий зөвлөхүүд, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл зорилготой судлаачид, эцэст нь байгууллага толгойлон мэдсэн сурсан зүйлээ бодитоор хэрэгжүүлэх боломж олж авах удирдагчийн замнал гэсэн 4 замыг төсөөлж болох юм.

 

© 2024 он. mindset.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency