МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ХӨГЖИЛД (2015)

Б.Галбадрах (Боловсрол судлалын доктор, Ph.D)

2015 онд мэргэжлийн боловсрол, сургалт(цаашид “МБС” гэе)-ын хөгжлийн стратегийг Сингапур, Малайз, БНСУ-уудад түгээмэл хэрэглэдэг аргачлалаар боловсруулан салбарын хөгжлийн үзэл баримтлал, бодлого, стратеги, төлөвлөлтийн баримт бичгүүдийн зураглалыг гаргаж байжээ. Зарим нэг одоо ч хэрэгжиж эхлээгүй, цаашид хийх ёстой зүйлсийг товчлон хүргэж байна.

Хөгжлийн төлөвлөгөөгөө нилээд алсуур, том тойргоор харах зүй ёсны шаардлага бий. Бид бодлого, төлөвлөлт хийхдээ зөвхөн салбарын хэмжээнд харсаар ирсэн дутагдал хэвээр байгаа нь ажиглагдаж байна. Боловсролын бусад салбартай нягт уялдах, нэгдмэл байх тал дээр ахиц гараагүй байгаа нь, боловсролын байгууллагын хөгжлийн ирээдүйн загварыг гаргаагүй байгаа нь, МСҮТ, политехник коллеж төгсөгчдийн имиж бүрдүүлэлт хийгдээгүй байгаа нь энэ санааг хэлэх үндсэн шалтгаан болж байгааг болгооно уу.

Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго нь 1) “бүтээмжтэй, өөрөөр хэлбэл баялаг бүтээдэг”, 2) “амьдралаа сайхан аваад явчихдаг – сайн иргэд байхад суралцсан”, 3) “өөрийгөө хөгжүүлж чаддаг – суралцах арга барилд эзэмшсэн”, 4) “өрсөлдөх чадвартай” Монгол хүнийг сургаж, бэлтгэх болоод байна.

Мэдлэг шингэсэн, өрсөлдөх чадвар өндөртэй баялаг үйлдвэрлэж, эдийн засгийн хувьсгал хийснээр, улсаа хөгжүүлэх замыг л инженерүүд бид харж байна. Хөгжиж байгаа болон хөгжилтэй орнуудын эдийн засгийн 70-85 хувийг мэдлэгт тулгуурласан, инновацийн технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эзэлж байна.

Дэлхий даяараа мэдлэгийн эдийн засаг, инновацийн эрин үе гэсэн цоо шинэ үе шатыг хүлээн зөвшөөрч, түүнд нийцэж амьдраад эхэллээ.

Мэдлэгийг хэн бий болгодог вэ? Судлаачид, бүтээлч сэтгэхүйтэй хэн нэг мэргэжилтэн бий болгоно. Мэдлэгийг баялаг болгох инновацийн мэргэжилтнүүд нь чухамдаа инженер, технологийн салбарынхан байна. Инженер, техникийн ажилтнууд… Бидний өнөөдөр шийдэх, хэрэгжүүлж эхлэх эхний алхам бол инженерингийн боловсролыг хөгжүүлэх явдал юм.

МБС хөгжлийн араас хөөж биш, урд нь явах бүрэн боломжтой. Бидэнд уламжлал байна. Авъяас байна. Одоо жаахан зориг, хичээл зүтгэл хэрэгтэй. Удирдах ажилтан, багш нарынхаа сэтгэхүйд дахин инженерчлэл хийе. Тэгээд л болоо.

МБС-нханд эдийн засгийг бизнесийн хүний нүдээр, ажил хэрэгч хүний нүдээр харах нүд үгүйлэгдэж байна. Манайхан дотор ийм нүд цөөнгүй байгааг би мэднэ. Гол нь тэрнийгээ нээж харуулах боломж нөхцөл бүрдэж өгөхгүй байгаад л хамаг учир нь байгаа. Бидний сэтгэлгээ, бидний үйл ажиллагаа хүрзний технологиос салж чадахгүй байгааг түүхий эдийг ухаад зарах тухай ярьдаг, хэлдэг олон хүний санаа бодлоос харж, харамссаар байдаг. Үнэндээ ч бид нүүрсийг түлж дулаацна, цахилгаан үйлдвэрлэдэг, эсвэл металь хайлуулдаг л гэж боддог. Гэтэл хөгжсөн орнууд нүүрснээс олон зуун төрлийн үйлдвэрлэлийн түүхий эд, материал гарган авч байна. Ганц тонныг нь 50 ам доллараар зарж чадахгүй байгаа нүүрсэн дотор нэг кг нь өчнөөн арав, зуу дахин үнэлэгддэг сансрын технологи үйлдвэрлэлийн чухал материал агуулагдаж байгаа болохыг интернет орчноос хайгаад л харчихна хэмээн нэгэн судлаач харамсангуй бичсэнийг энд сануулья.

Манай Улс төсвийнхөө дөнгөж 0.27 хувийг л инновацид зарцуулдаг юм байна. Дэлхийд хамгийн өндөр нь БНСУ 4% байдаг. Мөнгөн дүнгээр аваад үзвэл ямар их зөрүү байгаа вэ гэдгийг та бүхэн гадарлаж байгаа. Ийм болохоор инженер, техникийн ажилтны ид шидийг гаргах боломж ч алга, тэдний эрэлт ч алга. Үүний нөлөөгөөр МСҮТ, политехник коллежийн эрэлт хөдөлмөрийн зах зээл дээр бараг алга. Үнэхээр алга.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээг үзүүлэх үзэл баримтлал бидний өдөр тутмын амьдралд орж ирээд 10-аад жил болох гэж байна. Хөдөлмөрийн зах зээлийг юу гэж ойлгоод байдаг талаар нилээд олон хүнтэй ярилцаж үзэхэд яг оновчтой хариулт бараг гараагүй. Хамгийн энгийнээр тайлбарлавал, энэ нь дараах 2 ойлголтыг хамардаг.

Эхнийх нь хувь хүний өдөр тутмын хэрэгцээгээр хангах;

Хоёр дахь нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх; чадамжтай ажиллах хүчний эрэлтээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тодорхойлно.  МБС цаашид энэ хоёрыг аль алинийг нь хамтад нь авч үзэх хэрэгтэй. (CDIO)

Бид багаар ажиллах, хамтаар бүтээх, нэг нэгнээ нөхөж ажиллаж чаддаг охид, залуусыг сургахад анхаарья. Манай сургалтад зарцуулдаг хөрөнгө, санхүү дэндүү бага. Супер мэргэжилтэн бэлтгэчихнэ гэхэд боломжгүй. Тиймээс тодорхой чиглэлээр дагнан мэргэшүүлэх, дараа нь хоорондоо хамтарч, супер сүлжээ үүсгэх тухай ярилцья. Үнэ цэнийн сүлжээ бий болгоход анхаарья.

Санаа өгөх зорилгоор нэг энгийн жишээ бэлтгэсэн юм.

1 цэвэр усыг үйлдвэрлэх үнэ нь 250 төгрөг. Борлуулах үнэ 750 төгрөг. Ашиг нь 500 юу? Үгүй юм байна лээ. Ашиг нь 50 төгрөг. Яагаад? Цэвэр усыг үйлдвэрлэхэд хуванцар сав, бөглөө, цэвэр ус, хаяг шошго ордог. Эдгээр нь тус тусдаа өөрийн үнэтэй. Тус бүрийнх нь загвар гаргах, түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах, сайжруулах хэрэгтэй. Энэ бүгд үнэтэй. Энэ бүрийн ард хүн байгаа. Нэг сав цэвэр ус борлуулсан үнэд хүн бүрийн хөдөлмөрийн хөлс шингэсэн байгаа. Найдвартай орлоготой байхын тулд бүгд л бизнесээ хөгжүүлэхийг эрмэлзэх нь дамжиггүй. Мэргэжлийн боловсрол, сургалт “загас барих” аргыг нь л зааж өгөх үүрэгтэй. “Загас барих” сэдлийг нь төрүүлж өгөх үүрэгтэй. Эргээд тэд нарынхаа амжилтаар хөгжлийн чиг баримжаагаа гаргаж явах учиртай.

Инженеринг нь дээд боловсролын асуудал гэж дотроо бодоод, эргэлзээд сууж байгаа нилээд олон хүн байгаа гэж бодож байна. Тэгвэл тэр хүмүүст хэлэхэд эргэлзэх хэрэггүй. Инженеринг нь техник, технологийн боловсролын авч үздэг суурь ухаан. Мэргэшлийн түвшний тогтолцоог мэддэг, ойлгодог хүмүүст бол энгийн л ойлголт. Шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бодож олох, зохион бүтээх, үйлдвэрлэх, зах зээлд гаргах, хэрэглэгчдэд санал болгох, хөгжүүлэх үйл явц нь маш удаан хэрэгждэг байсан бол одоо хэдхэн сар л болсон байна. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж байхад, тэдгээрийн дараагийн загвар, моделийн концепц нь бэлэн болсон, үйлдвэрлэлд шилжиж байдаг. Энэ нь мэдлэг, инженерингийн төгс хослол. Инженеринг нь ШУ, ЭЗ, нийгмийн хөгжлийн онолууд, нээлтүүд, арга ажиллагааг ашиглаж, бүтээгдэхүүн, үйлчилгээг загварчлах, бий болгох, хэрэглэгчдэд хүргэх, сайжруулах, судалгаа эрхлэх үйл явц. Бидэнд хамааралгүй гэж хэлэх юм алга.

Их, дээд сургуулиуд хөтөлбөрт суурилсан дээд боловсролын үйлчилгээ үзүүлэх бодлогоо тодорхойлж, багагүй зүйлүүд хийж, бүтээж байна. СӨБ, бага, суурь боловсролын цөм хөтөлбөрүүд боловсруулагдаж, туршигдаж байна. Боловсролын салбарууд хоорондоо холбогдож, насан туршийн боловсролын үйл ажиллагааг төлөвшүүлэх анхаарах эхлэл тавигдсан. МБС нь хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудалд ирснээр тусдаа салбар шиг ажиллаж болохгүй. Боловсролын яамныхны хийж байгаа зүйл дээр хамтрах, суралцах, өөрсдийн ололт амжилтаасаа хуваалцах хэрэгтэй. Мөн МБС нь ажилгүйдэл, ядуурлыг шийддэг хэрэгсэл мэт ойлгогддог байдлыг засахын төлөө бид байнга дуугарч байх ёстой.

Бид өнөөдрийн байгаа цэг дээрээ удаан суугаад байхгүй нь лавтай. Урагшлах, хөгжих ёстой.

Гэх зэргээр бичиж байжээ. Бид гэж их бичиж байж. Би МБС-т өөрийгөө нэг хэсэг нь гэдэгт итгэлтэй явдаг байсан үе ажээ. Одоо Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал яригдах болжээ. МБС-ын хөтөлбөрүүд Аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгалын мэдлэг, технологи дээр гацсан юм биш биз?

© 2021 он. UC EduGroup Company. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК